УИХ-ын гишүүний … 500 сая … 1 тэрбум …

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

Гурвуулаа мөнгөө нийлүүлж …

Posted by ИТХ on 2010/10/14

Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн А.Тлейхан, Х.Баделхан, Х.Жекей (гурвуулаа МАХН, одоо МАН) нар тус тусын 1 тэрбум төгрөгөө нийлүүлж аймгийн төвд 4,2 км хатуу хучилттай зам, дөрвөн суманд 20-25 ортой хүн эмнэлгийн байр, ахмадын өргөө барихаар хуваарилсан ба худалдан авах үйл ажиллагаа дуусч одоо барилгын ажил эхэлсэн тухай мэдээлж байна.

Advertisements

Posted in + Тлейхан А. | 1 Comment »

Одоогоор мэдээлэл үгүй …

Posted by ИТХ on 2010/10/13

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн 1 тэрбум төгрөг хэрхэн зарцуулахаар хувааилсан талаар мэдээлэл алга байна. Орон нутаг дахь бие төлөөлөгч нь “Би энэ тухай мэдэхгүй. Тиймээс буруу зөрүү мэдээлэл өгмөөргүй байна” хэмээн хариулжээ. Гэхдээ тус аймгаас сонгогдсон Р.Амаржаргал, С.Бямбацогт гишүүдтэй нийлж Булган сумын цагдаагийн хэсгийн шинэ байр барихад 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа гэнэ.

Posted in + Дэмбэрэл Д. | Leave a Comment »

400 хүнтэй сумын төвд 500 суудалтай спорт заал

Posted by ИТХ on 2010/10/10

Дундговь аймгийн Баянжаргалан сум 2006 онд 1213 хүн амтай байжээ. Түүнээс хойш хүн амын тоо өсөөгүй, харин бага зэрэг буурчээ. Нийт 3 багтай, харин сумын төвд өндөр настан, хүүхэд нийлээд 400-аад хүн оршин суудаг жижигхэн сум.

Гэтэл Дундговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Р.Раш 2009 онд тус сумын төвд 500 хүний суудалтай спорт цогцолбор барьж ашиглалтанд оруулжээ. Үүнд өөрийн нэрээр батлагдсан улсын төсвийн 400 гаруй сая төгрөгийг зарцуулсан гэсэн мэдээлэл байна.

Өнөөдөр тус спорт цогцолборт залуучууд хааяа нэг орж тоглодог, бусад цагт цоожтой голдуу байдаг гэнэ.

Posted in + Раш Р. | Leave a Comment »

Д.Очирбат гишүүн Ахмадын сувилал байгуулжээ.

Posted by ИТХ on 2010/10/10

Улсын Их Хурлын гишүүн Д.Очирбатын өөрийн нэрээр 2009 оны улсын төсөвт батлагдсан 500 сая төгрөгийг хэрхэн зарцуулснаа дараах байдлаар тайлагнажээ. 

Нэг.

Тойрогтоо төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын хүрээнд надад хүсэлт гарган хандсан амьдралын төвшин доогуур, орон гэргүй иргэдэд гэр олгохоор 100 сая төгрөг төлөвлөгдсөнөөс тендерийг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн газар дээр зарлан 125 гэрийг захиалгаар хийлгүүлж олголоо.

Хоёр.

Дүүргийн 15 өрхийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх 15 машиныг гардууллаа. 75 сая төгрөгийн өртөгтэй энэ машинууд дүүргийн эрүүл мэндийн салбарын үйлчилгээг түргэн шуурхай явуулах боломжийг нь бүрдүүлэх зорилготой.

Гурав. 

Мөн 550 сая төгрөгөөр Ахмадын сувилал байгуулахаар тендерийг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн газар дээр зарлан шалгаруулснаас энэ онд 275 сая төлөвлөгдсөн ба үлдэгдлийг нь 2010 оны төсөвт тусган барагдуулна.

Дөрөв.

Ахмадын сувилалын гал тогооны тоног төхөөрөмж 30 саяд төлөвлөгдсөнөөс тендерийг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн газар дээр зарлан шалгаруулж гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж авсан.

Тав. 

Ахмадын сувилалын ахмадуудад үйлчлэх автомашин 20 саяд төлөвлөгдснөөс тендерийг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн газар дээр зарлан 20 саяар автомашин авсан байна. Гэсэн бичиг өгсөн харин ямар нэг тамга тэмдэг дарагдаагүй болно.

Posted in + Очирбат Д. | Leave a Comment »

Сүү боловсруулах үйлдвэр

Posted by ИТХ on 2010/10/10

Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Арвин өөрийн багцийн 1 тэрбум төгрөгөөр Өндөрхаан хотод сүү боловсруулах үйлдвэр байгуулсан мэдээ байна.

Posted in + Арвин Д. | Leave a Comment »

Лүндээжанцан гишүүн 500 сая төгрөгөө хэрхэн зарцуулсан бэ?

Posted by ИТХ on 2010/10/09

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн 2009 оны 500 сая төгрөгийн зарцуулалтын тайлангийн мэдээлэл хараахан олдоогүй байна.

Posted in + Лүндээжанцан Д. | Leave a Comment »

2008 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитын тайлангаас:

Posted by ИТХ on 2010/10/07

Монгол Улсын Их Хурлын гишүүдийн сонгогдсон тойрогтоо хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтэд улсын төсвөөс 2000 оноос эхлэн санхүүжилт хийж эхэлсэн бөгөөд 1 гишүүнд 10.0 сая төгрөгөөр тооцон урсгал зардалд тусган хэрэгжүүлж байсан. Харин 2006 оноос эхлэн нэг гишүүнд ногдох мөнгийг 100.0 сая төгрөгөөр тооцож Монгол Улсын Шадар сайдад багцад “Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр нийт 7,6 тэрбум төгрөгийг тусган Засгийн газрын тогтоолоор батлан хэрэгжүүлсэн байна. 2007 оноос эхлэн Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ нэг бүрээр төсвийн тухай хуулиар баталдаг болсон бөгөөд 2007 онд 1 гишүүнд ногдох мөнгийг 250.0 сая төгрөг, 2008 онд 500.0 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн. Төсвийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн тойрогтоо хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд УИХ-аас шууд хөрөнгө тусган батлаж байгаа нь нэг талаас сонгуулийн тогтолцоотой хамааралтай боловч нөгөө талаар төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж байгаа болно.

(2009 оны 6-р сар)

Posted in Мэдээ. Тайлбар. Дүгнэлт | Leave a Comment »

Улсын төсвийн 2007 оны хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн үр дүнд хийсэн аудитын тайлангаас.

Posted by ИТХ on 2010/10/07

Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан УИХ-ын гишүүдийн тойрогт зарцуулах 19,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Үндсэн хуулийн цэц түдгэлзүүлснийг УИХ хүлээж аваагүй байна

Чингэлтэй дүүргийн иргэн Н.Хайдав УИХ-ын гишүүдийн тойрогт зарцуулах 19,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт болон бусад хуулийн холбогдох заалтыг зөрчсөн учир хянан шийдвэрлэж өгөхийг хүссэний дагуу Үндсэн хуулийн цэц уг асуудлыг хэлэлцэн 2007 оны 2 дугаар дүгнэлтээр Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул 2007 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ. УИХ Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 2 дугаар дүгнэлтийг хэлэлцэн Үндсэн хууль болон холбогдох ямар заалт зөрчсөн нь тодорхойгүй учир хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байна.

УИХ-ын гишүүн К.Сайрааны захиалгаар Баян-өлгий аймгийн Алтан цөгц, Өлгий, Баяннуур, Булган, Дэлүүн сумдад оѐдол, хатгамлын жижиг үйлдвэр байгуулахаар 119.9 сая төгрөг, УИХ-ын гишүүн Р.Будын хүсэлтээр Сүхбаатар аймгийн Мөнххаан, Онгон сумдад Эсгий, эсгий эдлэлийн үйлдвэр байгуулахаар 20.0 сая төгрөг, УИХ-ын гишүүн Су. Батболдын хүсэлтээр Төв аймгийн Баянчандмань, Баянцогт, Борнуур сумдад иргэд хувиараа мал аж ахуй, газар тариалан эрхлэх үйл ажиллагааг дэмжих техник, дундын үйлчилгээ, үйлдвэрлэлийн төв байгуулахаар 105.0 сая төгрөг, УИХ-ын гишүүн Ч.Авдайн хүсэлтээр Увс аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд зориулан ЗДТГ-ын даргын захирамжаар 100.0 сая төгрөгийг 12 ХХК, хоршоо, 12 иргэнд нийт 386,9 сая төгрөгийн санхүүжилт олгогдсон боловч ажлын гүйцэтгэлийг тухайн аймгууд ирүүлээгүй байна.

(2008 оны 5-р сар)

Posted in Мэдээ. Тайлбар. Дүгнэлт | Leave a Comment »

Баруун бүсийн хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнд …

Posted by ИТХ on 2010/10/07

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувьд 1 тэрбум төгрөгийнхөө тодорхой хэсгийг “Баруун бүсийн хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн”-г барихад зарцуулна гэсэн ерөнхий мэдээлэл байна.

Харин тус аймгаас сонгогдсон Р.Амаржаргал, Д.Дэмбэрэл нартай хамтран Булган сумын цагдаагийн хэсгийн шинэ байр барихад 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа гэнэ.

Posted in + Бямбацогт С. | Leave a Comment »

100 сая төгрөгөөр …

Posted by ИТХ on 2010/10/07

УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргээс сонгогдсон З.Алтай 2010 оны төсвөөс өөрийн нэрээр батлагдсан 1 тэрбумаас 100 сая төгрөгийг гаргаж Сансрын туннелийн усан оргилуурыг засч, орчныг нь бичил цэцэрлэг болгон тохижуулан өгчээ.

Posted in + Алтай З. | Leave a Comment »

“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний тайлбар, дүгнэлт №1

Posted by ИТХ on 2010/10/04

УИХ-ын гишүүдийн “тойргийн” хэмээх 500 сая, 1 тэрбум төгрөгийн хуваарилалт, зарцуулалтанд хийсэн “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний мэдээллийн мониторингийн урьдчилсан дүгнэлтийг үзэж танилцана уу.

УИХ-ын гишүүний тойргийн мөнгөний  тухай. №1. 

Posted in Мэдээ. Тайлбар. Дүгнэлт | Leave a Comment »

“УИХ-ын гишүүний мөнгө” хэрхэн нэмэгдэж ирсэн бэ?

Posted by ИТХ on 2010/10/03

2000 он – 10 сая төгрөг
2001 он – 10 сая төгрөг
2002 он – 10 сая төгрөг
2003 он – 10 сая төгрөг
2004 он – 10 сая төгрөг
2005 он – 10 сая төгрөг
2006 он – 100 сая төгрөг
2007 он – 250 сая төгрөг
2008 он – 500 сая төгрөг
2009 он – 500 сая төгрөг
2010 он – 1 тэрбум төгрөг

Posted in Мэдээ. Тайлбар. Дүгнэлт | Leave a Comment »

УИХ-ын “гишүүний мөнгө”-нд зориулсан сайт нээгдлээ.

Posted by ИТХ on 2010/10/01

“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээнээс иргэдийн дунд УИХ-ын “гишүүний мөнгө” гэж нэрлэгдэж байгаа 2009 оны 500 сая, 2010 оны 1 тэрбум төгрөгийн хуваарилалт, зарцуулалтанд мэдээллийн мониторинг явуулж энэ талаар шуурхай мэдээлж байх terbum.wordpress.com сайтыг ажиллуулж эхэллээ.

Posted in Мэдээ. Тайлбар. Дүгнэлт | Leave a Comment »